Weceed News

Сайн мэдээ

Гуравдугаар ангийн нэгэн сурагчийн талийгаач ээждээ бичсэн захидлыг олон нийтийн сүлжээнд олж хараад сэтгэл зүрх өмрөх мэт болов. Дөнгөж л 8-9 настай хүүхдийн турьгүй бяцхан гараараа нямбай гэгч нь бичсэн энэ захидлыг уншихад түүний ээжийгээ санаж буй сэтгэл нэвт мэдрэгдэх шиг, үнэхээр өрөвдөм…

Гуравхан настай байхдаа ээжээсээ хагацан үлдсэн нялх үрээ хаяад явчихдаг мөн бөх зүрхтэй аав аа, тэр захидалд дурдагдсан хүн. Адгуус амьтан хүртэл үр төлөө орхин явдаггүй жамтайсан уг нь.

Онц сурвал ээж нь тэнгэрийн орноос эргэн ирэх болно гэдэгт итгэсэн хүүхэд улам чармайн суралцсаар байгаа бололтой. Ямартай ч, энэ балчир хүүхэд ирээдүйд их мундаг хатуужилтай хүн болох нь илт байна.

Амьдралын хамаг зовлон гачаалаа туулаад, алдрын сэнтийд хүрсэн үед нь нөгөө хаяад явчихдаг хүний үнэргүй аав нь гэнэт сэхээрээд гараад ирэх вий дээ. Балчир нялх үрс байтугай, хэр баргийн том хүн ч хөл алдаж мэдэхээр болсон өнөөгийн харгис хатуу нийгэмд төрсөн үрээ зөнд нь орхиод явчихдаг зарим хүмүүсийг огт ойлгохгүй юм.

Тээж төрүүлсэн үрээ энд тэнд хаях үзэгдэл ч сүүлийн үед сонсогдох нь олширчээ. Хүмүүсийн ухамсар, хариуцлага улам ялзран, хар амиа хоохойлох явдал нийгэмд газар авсан бололтой. Тэдний гол золиос нь нялх балчир үрс болсоор…

Leave comment

Your email address will not be published. Required fields are marked with *.